Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Бид бусдыг үнэхээр бодитоор үнэлдэг үү?
Бид бусдыг үнэхээр бодитоор үнэлдэг үү?

   Та хэн нэгэнтэй анх уулзаад “Энэ хүн их найдвартай юм байна”, эсвэл эсрэгээрээ “Нэг л таагүй хүн байна” гэж бодож байсан уу?
Заримдаа бид тухайн хүний талаар хангалттай мэдээлэлгүй хэрнээ маш хурдан дүгнэлт хийдэг. Үүний нэг шалтгаан нь Halo effect болон Horn effect юм.

   Энэ нэршилтэй холбоотой хамгийн анхны судалгаа нь Edward Thorndike (1920)-ийн A Constant Error in Psychological Ratings юм. Тэрээр цэргийн удирдлагууд доод албан тушаалтнуудаа үнэлэхдээ нэг чанарын үнэлгээг бусад чанарын үнэлгээнээс хэт тусгаарлаж чадалгүй, ерөнхий сэтгэгдэлдээ тулгуурлан үнэлэх хандлагатай байсныг харуулсан.
Хожим Nisbett ба Wilson (1977) нар энэ үзэгдлийг The Halo Effect гэж нэрлэн, хүний нэг шинжийн талаарх сэтгэгдэл нь түүнтэй холбоогүй бусад шинжийн үнэлгээнд хүртэл нөлөөлж болохыг туршилтаар харуулсан байна. Тэдний туршилтаар оюутнуудад нэг багшийн хоёр өөр ярилцлагыг үзүүлжээ. Нэг хувилбарт багш нь дулаан, найрсаг байдлаар харилцсан бол нөгөөд нь хүйтэн, зай барьсан байдлаар харилцсан байна.

   Үүний дараа оюутнууд зөвхөн багшийн зан байдлыг бус, гадаад төрх, хөдөлгөөн, аялгыг нь хүртэл өөрөөр үнэлжээ. Өөрөөр хэлбэл, тухайн хүний нэг эерэг эсвэл сөрөг шинж нь бусад, түүнтэй шууд холбоогүй шинжүүдийн үнэлгээнд хүртэл “нөлөөлсөн” байна.
Halo болон horn effect-ээс бүрэн зайлсхийх амаргүй. Учир нь хүн мэдээллийг хурдан боловсруулахдаа анхны сэтгэгдэл, өмнөх мэдлэг, цөөн хэдэн тод шинж чанарт тулгуурлах хандлагатай. Гэхдээ энэ нөлөөг мэддэг байх нь өөрөө чухал хамгаалалт болж чадна. Иймээс дараагийн удаа та өөрөөсөө: “Би энэ хүнийг үнэхээр олон баримтад үндэслэн үнэлж байна уу, эсвэл нэг л шинж нь бусад бүх үнэлгээнд минь нөлөөлөөд байна уу?” гэж асуугаад үзээрэй.


📚 Ашигласан эх сурвалж 👇👇👇

Nisbett, R. E., & Wilson, T. D. (1977). The halo effect: Evidence for unconscious alteration of judgments. Journal of Personality and Social Psychology, 35(4), 250–256. https://doi.org/10.1037/0022-3514.35.4.250
Asch, S. E. (1946). Forming impressions of personality. Journal of Abnormal and Social Psychology, 41(3), 258–290. https://doi.org/10.1037/h0055756

Thorndike, E. L. (1920). A constant error in psychological ratings. Journal of Applied Psychology, 4(1), 25–29. https://doi.org/10.1037/h0071663
See less


Бусад мэдээлэл