Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Шимпанзе өмнөх үйлдлээ ирээдүйн үр дүнтэй холбон суралцаж чаддаг уу?
Шимпанзе өмнөх үйлдлээ ирээдүйн үр дүнтэй холбон суралцаж чаддаг уу?



Бидний хийсэн үйлдэл бүрийн үр дүн шууд гарч ирдэггүй. Заримдаа өнөөдөр хийсэн үйлдлийн үр дагавар хэдэн алхмын дараа, бүр огт таамаглаагүй үед илэрдэг. Тэгвэл амьтад ийм “хойшлогдсон үр дүн”-г өмнөх үйлдэлтэйгээ холбон суралцаж чаддаг болов уу?
2026 онд Learning & Behavior сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгаагаар судлаачид энэ асуултыг шимпанзегийн танин мэдэхүйн үйл явцтай холбон судалжээ. Судалгаанд 16–29 насны зургаан нас бие гүйцсэн шимпанзе оролцож, мэдрэгчтэй дэлгэц ашиглан сонголт хийх туршилт явуулсан байна.
   Туршилтын үйл явц нь шимпанзе “C” гэсэн дүрсийг сонговол тэр дороо ямар ч шагнал авахгүй, харин дараагийн хэдэн туршилтын дараа хоолны шагнал авах боломжтой байсан буюу тухайн үйлдэл болон шагналын хооронд өөр хэд хэдэн хамааралгүй үйл явдал орж байв. Шагнал нь дунджаар гурван туршилтын дараа, хамгийн багадаа нэг, хамгийн ихдээ таван туршилтын дараа өгөгджээ.
Үр дүнгээс харахад зургаан шимпанзегийн гурав нь туршилтын явцад “C” дүрсийг улам олон сонгож, хожим ирэх шагналтай нь холбон суралцаж байгааг харуулсан. Харин үлдсэн гурван шимпанзед ийм тодорхой хандлага ажиглагдаагүй байна.
Шимпанзе зөвхөн “яг одоо” болж буй зүйлд хариу үйлдэл үзүүлдэг биш, харин өнгөрсөн үйлдэл болон хожим бий болсон үр дүнгийн хооронд холбоо үүсгэж чаддаг бололтой.

   
   Судлаачдын үзэж байгаагаар энэ суралцах үйл явц нь тухайн шимпанзе туршилтын дүрмийг ухамсартайгаар ойлгосонтой гэхээсээ илүү далд буюу implicit learning хэлбэрээр явагдсан байх магадлалтай. Өөрөөр хэлбэл, “Би өмнө нь C-г сонгосон учраас одоо шагнал авлаа” гэж ухамсартайгаар дүгнэсэн гэхээсээ илүү олон давтагдсан туршлагын үндсэн дээр тодорхой сонголтыг аажмаар илүүд үздэг болсон байж болох юм.
Сонирхолтой нь, энэ чадвар зөвхөн шимпанзед хамаарахгүй байж болох юм. Судлаачид өмнө нь яг ижил төстэй даалгаврыг хүмүүст өгч үзэхэд 40 оролцогчийн цөөн хэсэг нь л хойшлогдсон шагналтай холбоотой сонголтыг тогтвортой сурч чадсан байна. Энэ нь хожим гарах үр дүнг өмнөх үйлдэлтэй холбох нь хүн болон хүн бус амьтдын аль алинд нь танин мэдэхүйн хувьд нэлээд нарийн үйл явц болохыг харуулж байна.
💡 Тэгвэл энэ судалгааны гол санаа юу вэ?
Бидний суралцах үйл явц зөвхөн “үйлдэл → шууд үр дүн” гэсэн энгийн холбоонд тулгуурладаггүй байж болох юм. Зарим тохиолдолд тархи өмнө хийсэн үйлдлийг хэд хэдэн алхмын дараа гарч ирэх үр дүнтэй холбон, туршлагаас далд байдлаар суралцаж чаддаг.
Энэхүү туршилт судалгаа нь өнгөрсөн үйлдэл, одоогийн туршлага, ирээдүйн үр дүнг хооронд нь холбох танин мэдэхүйн механизм хүн болон бусад амьтдын хувьслын явцад хэрхэн үүссэн байж болохыг ойлгоход чухал хувь нэмэр оруулж байгаа юм.
📚 Ашигласан эх сурвалж:
Hirata, S., Itahara, A., Goppold, N., Vispute, A., & Yinon, O. (2026). Chimpanzees link past actions and later outcomes despite intervening irrelevant events in a cognitive task. Learning & Behavior. https://doi.org/10.3758/s13420-026-00722-6


Бусад мэдээлэл