Эхлэл
Танин мэдэхүй
Хэмнэлтэй амьсгалын дасгал бидний танин мэдэхүйн гүйцэтгэлд нөлөөлдөг үү?
Стресс, ядаргаа, анхаарал төвлөрөл буурах үед тайвшруулах амьсгалын дасгал хийхийг зөвлөдөг. Харин энэхүү богино хугацааны дасгал нь зөвхөн тайвшруулахаас гадна ой тогтоолт, анхаарал зэрэг танин мэдэхүйн үйл ажиллагаанд нөлөөлдөг үү?
Энэ асуултад хариулахын тулд судлаачид зүрхний цохилтын хэлбэлзэлд суурилсан HRV biofeedback аргыг туршжээ.
Судалгаанд оролцогчдыг хоёр бүлэгт хувааж, нэг бүлэг нь ердөө 6 минутын турш удаан, хэмнэлтэй амьсгалсан байна. Тэд 4 секунд амьсгаа авч, 6 секунд амьсгаа гаргах буюу минутанд ойролцоогоор 6 удаа амьсгалжээ. Харин хяналтын бүлэг 6 минут тайван суусан байна. Дараа нь оролцогчдын ажлын ой, анхаарал, тайван байдал болон зүрхний цохилтын хэлбэлзэл зэргийг харьцуулан судалжээ.
Судалгаанд ажлын ойг 2-back N-back даалгавраар хэмжсэн. Энэ даалгавар нь өмнө харсан мэдээллийг богино хугацаанд хадгалж, шинэ мэдээлэлтэй харьцуулахыг шаарддаг.
HRV biofeedback хийсэн бүлэг хяналтын бүлгээс илүү олон зөв хариулт өгсөн бөгөөд зөв хариултын өөрчлөлт нь ойролцоогоор 29%-иар өндөр байв.
Гэхдээ судалгаанд 38 эрүүл насанд хүрсэн хүн оролцсон бөгөөд зөвхөн нэг удаагийн дасгалын дараах богино хугацааны өөрчлөлтийг судалсан. Тиймээс энэхүү үр дүнг амьсгалын дасгал ой тогтоолтыг удаан хугацаанд сайжруулдаг эсвэл сэтгэлзүйн эмчилгээний арга гэж ойлгож болохгүй.
Харин бидний амьсгал, зүрхний үйл ажиллагаа, автономит мэдрэлийн тогтолцоо болон танин мэдэхүйн үйл ажиллагаа хоорондоо хэрхэн холбоотой байж болохыг ойлгоход чухал нотолгоо болж байна.
Эх сурвалж:
Short-Term Effects of Heart Rate Variability Biofeedback on Working Memory. Applied Psychophysiology and Biofeedback (2024). DOI: 10.1007/s10484-024-09624-7.
Бусад мэдээлэл